Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

ҮНЭ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр суурилуулсан тоолуур, тооцооны хэмжих хэрэгслийг үндэслэн хийдэг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь “кВт.цаг” гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэнэ. Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцохдоо тухайн сарын тоолуурын заалтыг өмнөх сарын заалттай тулгаж, зөрүүг Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-оос баталсан үнэ тарифаар үржүүлж, гарсан дүн дээр нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/ нэмж гаргадаг. Томъёолон үзүүлбэл:

ХТ=З * К * АК * Ү * Т, ТӨГ

ХТ - хэрэглэгчийн төлөх төлбөр, төгрөг
З - тоолуурын заалтын зөрүү
К – трансформаторын үржих коэффициент
АК – алдагдлын коэффициент
Ү – үнэ тариф
Т – НӨАТ, 10%

Эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлая. 
1. Тоолуурын заалтын зөрүү
Өмнөх сарын тоолуурын заалтыг тухайн сарын заалтаас хасаж гаргасан дүнг тоолуурын заалтын зөрүү гэнэ.

2.Трансформаторын үржих коэффициент
380 Вольтоос дээш хүчдэлээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээ шийдсэн хэрэглэгчийн сарын хэрэглээг тооцохдоо трансформаторын үржих коэффициентээр боддог. Өөрөөр хэлбэл тоолуур нь гүйдэл ба хүчдэлийн трансформатораар дамжин холбогдсон бол цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцохдоо тоолуурын заалтын зөрүүг трансформаторын үржих коэффициентээр үржүүлэн тодорхойлно. Энэ төрлийн хэрэглэгч нь ашиглах цахилгаан тоног төхөөрөмжийн ачаалал, суурилагдсан хүчин чадалдаа тохируулан гүйдлийн трансформаторыг сонгож суурилуулна. Хэрэглэгч ямар хүчдэлийн түвшингээс цахилгааны эх үүсвэрээ авснаас шалтгаалан трансформаторын үржих коэффициентийг тооцож гаргадаг. Бүх хүчдэлийн түвшинд гүйдлийн трансформатор 50/5 сонгон тавьсан бол трансформаторын үржих коэффициентийг дараах байдлаар тодорхойлно.

  • 110кВ-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн хувьд трансформаторын үржих коэффициент К = 110000/100 х 50/5 буюу 11000
  • 35кВ-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн хувьд трансформаторын үржих коэффициент К = 35000/100 х 50/5 буюу 3500
  • 10кВ-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн хувьд трансформаторын үржих коэффициент К= 10000/100 х 50/5 буюу 1000
  • 6кВ-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн хувьд трансформаторын үржих коэффициент К = 6000/100 х 50/5 буюу 600
  • 0.4кВ-ын /манайд ихэвчлэн 380В гэж ярьдаг/ хүчдэлийн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн хувьд трансформаторын үржих коэффициент К = 10

3. Алдагдлын коэффициент
Алдагдлын коэффициент гэж хэрэглэгчийн эзэмшлийн заагаас хэрэглээг бодож гаргах цэг хүртэлх шугамын алдагдлыг тооцохыг хэлнэ. 
Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 36-д “Тооцооны хэмжих хэрэгслийг дамжуулагч, түгээгч хангагч болон хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн эзэмшлийн зааг дээр тавина. Эзэмшлийн зааг дээр тоолуур тавиагүй тохиолдолд эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх шугам болон трансформатор (ачааллын болон хоосон явалтын) дахь алдагдлыг шугам сүлжээг эзэмшигч хүлээнэ...” гэж заасны дагуу эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх шугамын алдагдлыг тодорхойлох томъёо гаргалгааг авч ирээгүй хэрэглэгчдэд ойролцоогоор тооцон гаргасан 1,025 гэсэн алдагдлын коэффициентийг ашиглаж байна. 
“Цахилгаан эрчим хүчээр хэрэглэх дүрэм”-д хэрэглэгчийн эзэмшлийн зааг, хэрэглээг тооцох цэгийг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
Эзэмшлийн зааг – гэж дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өмчлөлийн буюу эзэмшлийн харьяаллаар нь хуваан зааглаж байгаа цэгийг;
Хэрэглээг тооцох цэг – гэж хэрэглэгчид түгээсэн цахилгаан эрчим хүчний хэмжээг тодорхойлох зорилгоор цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд тооцооны хэмжих хэрэгслийг холбосон цэгийг гэж тус тус заасан байдаг.

4. Үнэ тариф
ЭХЗХ-оос баталсан цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг хэлж байна.

5. Нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/
Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу 10 хувиар тооцно.

Хэрэглэгчдийн ангиллаас хамааруулан дараах нэмэлт төлбөрийг цахилгаан эрчим хүчний төлбөр дээр нэмж авдаг. Үүнд:
Ахуйн хэрэглэгчдэд

  • Цахилгаан хэрэглэгчдийн сарын суурь тарифыг ЭХЗХ-ны тогтоолоор 1000 төгрөгөөр тогтоон мөрдүүлж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хїчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд хэрэглэгчийн сарын суурь төлбөр, чадлын тариф, энергийн тариф гэсэн үндсэн 3 хэсгээс бүрддэг. Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг.
  • Нийслэлийн Засаг Даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 472 тоот захирамжийн дагуу хог тээвэрлэсний төлбөрт 1 өрхөөс 2500 төгрөгийг сар бүр цахилгааны төлбөр дээр дээр нэмж хураадаг.
  • Радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 403 тоот тушаалаар телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний хураамж болох 1100 төгрөгийг гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэх дээр сар бүр авч байна.

Аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчдэд

  • 6, 10, 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамаас тэжээгддэг хувийн эзэмшлийн трансформатортай хэрэглэгч нь тооцооны хэмжих хэрэгслээ 0.4 кВ-ын сүлжээ талдаа тавьсан тохиолдолд трансформаторын хоосон явалтын энергийн алдагдлыг нэмж тооцно. Трансформаторын хоосон явалтын энергийн алдагдал нь соронзон орноос үзүүлэх зүрхэвч төмрийн халалтад зарцуулагдах ба трансформатор ачаалалтай эсэхээс үл хамааран тогтмол байна. Энэ нь траснформаторын паспортад өгөгдсөн алдагдлын өгөгдлийг ажилласан цагаар үржүүлэн тогтмол алдах хоосон явалтын энергийн алдагдлыг тодорхойлдог. УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 60 тоот тушаалаар батлагдсан журмыг мөрдөж байна.
  • Хуурмаг чадлын хэрэглээг ЭХЗГ-ын 2010 оны 10 сарын 12-ны өдрийн 109 тогтоолыг үндэслэн авдаг. Хэрэглэгчийн чадлын итгэлцүүрийг тодорхойлохдоо хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр тавигдсан актив, реактив тооцооны тоолуурын сар бүрийн заалтыг үндэслэн тооцно. Хэрэв реактив тоолуур байхгүй тохиолдолд хэмжилт, тооцоо хийж, чадлын итгэлцүүр Cosφ-ийн хэмжээг тодорхойлно. Хуурмаг чадлын хэрэглээ бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад чадлын итгэлцүүр Cosφ-ээс хамааруулж төлбөрийг өсгөж тооцохдоо дор дурдсан хувь хэмжээг баримтална.
Тухайн сарын дундаж cosφ Төлбөрийг өсгөх хэмжээ /хувиар/
0.86-1 0
0.8-0.85 5.0
0.71-0.79 10.0
0.66-0.7 15.0
0.6-0.65 16.0
0.51-0.59 18.0
0.5 ба түүнээс доош 20.0

 

Бодит болон хуурмаг энергийн хэрэглээг тооцох боломжтой тоолуураар тоологдсон энергийн үзүүлэлтээр хэрэглэгчийн чадлын итгэлцүүр cosφ-ийг тодорхойлохдоо бүрэн чадлын томъёог үндэслэнэ.

Тоолуураар тоологдсон нийт бүрэн энергийг тооцоолох

E= √(EP^2+EQ^2 )

Ep - тоолуураар тоологдсон бодит энерги (кВт.цаг)
Eq - тоолуураар тоологдсон хуурмаг энерги (кВар.цаг)


Хэрэглэгчийн чадлын итгэлцүүр cosφ-ийг тодорхойлох

COSΦ=EP/ES

Сosφ -ийн утгаас хамааруулан төлбөрийг өсгөх хэмжээг дээр үзүүлсэн хүснэгтийн дагуу тооцно.

Ц.ЭНХСАЙХАН